Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллахыг Д.Трамп уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-22 11:24:56
ЭР-РИЯД. /VOA/. Терроризмтой тэмцэхийн тулд АНУ-тай нэгдэж, хамтран ажиллахыг Дональд Трамп лалын ертөнцийн улс орнуудад уриаллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр Саудын Аравийн нийслэл Эр-Рияд хотноо лалын шашинт 50 гаруй улсын удирдагчдад хандан 30 гаруй минутын хугацаанд үг хэлжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн хувиар гадаадад хийж буй  анхныхаа айлчлалаар бямба гарагт Саудын Аравид хүрэлцэн ирсэн юм.

“Лалын улс” болон хэт давруу үзэлтнүүдийн бусад бүлэглэл дэлхийн даяар террорист халдлага үйлдсээр байна гэж тэрбээр хэлээд “терроризмыг үндсээр нь устгахын тулд олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллах нь чухал болох”-ыг онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “терроризмтой тэмцэхэд Ойрхи Дорнодын улсуудын хамтын хүчин чармайлт маш чухал. АНУ энэ бүс нутгийн улсуудын хамт терроризмтой тэмцэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр үг хэлэх үеэрээ Иран улсыг мөн дурджээ. Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани өнгөрсөн баасан гарагт улиран сонгогдсон билээ. Террористуудад зэвсэг нийлүүлж, тэднийг бэлтгэж, Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдал үүсгэж байна гэж Ираныг Д.Трамп эрс шүүмжлэхийн сацуу Ираныг тусгаарлахын тулд хамтран ажиллахыг бүс нутгийн улсуудын удирдагчдад уриалсан байна.
 
 Г.Доржханд
 



Холбоотой мэдээ