Ядуурал нь стресст оруулж, зөв шийдвэр гаргахад саад болдог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-19 16:32:13
МОСКВА. /TASS/. Мөнгөөр гачигдсаны улмаас байнгын сэтгэлийн дарамтанд байх нь тархины үйл ажиллагааг өөрчилдөг байна. Ийм дүгнэлтийг Харвардын их сургуулийн Хүүхдийн хөгжлийн төвийн захирал Аль Рэйс хийжээ.

Гэхдээ тархины үйл ажиллагаа алдагдах энэ үйл явцыг өөрчилж болох юм. Тодруулбал, ядуу гэр бүлүүдэд туслах зорилгоор АНУ-д EMPath /Economic Mobility Pathways-Эдийн засгийн уян хатан байдал/ гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрт Харвардын их сургууль оролцож байна.

“Сэтгэлийн дарамт /стресс/ нь хүмүүсийг буруу шийдвэр гаргахад хүргэж, бий болсон асуудлуудыг улам хүндрүүлж, амьдралаа сайжруулах боломжийг хаан боогдуулдаг” гэж EMPath төслийн удирдагч Элизабет Бэбкок ярилаа.

Өмнө нь тус байгууллага тусламж шаардлагатай байгаа насанд хүрсэн хүмүүст зориулан үнэгүй сургалт явуулж, эдгээр хүмүүсийн зан төрхөд гарсан өөрчлөлтүүд хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлөхийг ажиглан судалж байжээ. Харин одоо тус байгууллага хүүхдүүдтэй тулж ажиллан, ядуурлаас ангижрахад нь тусалж байгаа аж.

EMPath-ийн ажилтнууд өөрсдийн боловсруулсан арга зүйд тулгуурлан ажлаа явуулж байна. Тухайлбал, тархинд гарч буй өөрчлөлтийн тухай тэдний онолыг “Биеэ даахад хүргэх гүүр” гэж нэрлэдэг бол үүнтэй холбоотой хөтөлбөрийг Mobility Mentoring /Уян хатан байхад сурган бэлтгэх нь/ гэдэг. 2009 оноос хойш 400 гаруй гэр бүлийн гишүүд амьдралын зорилгоо зөв тодорхойлох тухай тусгай хөтөлбөрт хамрагдсан байна.

Хөтөлбөрийн ажилтнуудын хийсэн судалгаагаар, хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн дотроос ажилд орж чадсан хүмүүсийн тоо 9 хувиар өссөн бол дундаж цалин нь 14,8 доллароос 20,2 доллар болж нэмэгдсэн байна. 

Дашрамд дурдахад, 1990 оноос хойш дэлхий даяар ядуурлын түвшин 2 дахин буурсан боловч НҮБ-ын мэдээллээр 836 сая хүн ядуу зүдүү хэвээр байгаа юм.

Х.Сарнай 
 
 
Холбоотой мэдээ