Сөүл: Умардын шинэ пуужин 5000 км зайг туулах чадвартай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-17 09:45:29
СӨҮЛ. /Yonhop/. Умард Солонгосын дунд тусгалын шинэ баллистик пуужин 5000 км зайг туулах чадвартай гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдлээ.

Умард Солонгос өнгөрсөн долоо хоногийн ням гарагт баруун хойд нутгийн Пёнган аймгаасаа  Япон тэнгис рүү “Mars12" гэдэг баллистик пуужинг хөөргөн туршсан юм. 

Өмнөд Солонгосын парламентын батлан хамгаалах хорооны өчигдөр болсон яаралтай хуралдааны үеэр БХЯ-ны албаны хүмүүс хэлэхдээ “Умардын ням гарагт хийсэн пуужингийн туршилт амжилттай болсон. Гэхдээ тив алгасах баллистик пуужингуудыг хянахад тус улсад технологи дутагдалтай байна” гэжээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, Умард Солонгосын энэ шинэ пуужин нь 5000 км зайг туулах чадвартай аж. Өөрөөр хэлбэл Гуам дахь АНУ-ын баазуудад хүрч цохилт өгч чадна гэсэн үг юм.

Мөн энэ пуужин нь Умард Солонгосын өнгөрсөн онд анх хөөргөн туршсан “Musudan” дунд зайн тусгалтай баллистик пуужингийн сайжруулсан хувилбар ажээ.

Умард Солонгос ойрын хэдэн жилийн дотор тив алгасах баллистик пуужинтай болж магадгүй гэж Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс үзэж байна.
Г.Доржханд



Холбоотой мэдээ