Өгийнуур болон Дойтын цагаан нуурт шувууны тандалт судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-16 17:13:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын Дойтын цагаан нуур болон Өгий нуурт энэ сарын 13-15-ны хооронд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, аймгийн ЗӨСТөв, ХХААГ-ын мал эмнэлгийн албаны мэргэжилтнүүд хамтран “Шувууны тандалт судалгаа” хийжээ.

Тус багийнхан Өгийнуур болон Дойтын цагаан нуурт шувууны тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоон, нууруудын эргэн тойрноос шувууны сангас цуглуулж, өвчтэй болон өвчилсөн шувууд байгаа эсэхийг хянасан байна. Харин шинжилгээний хариу гарахад удаан хугацаа шаарддаг юм байна.  

Тус багийнхан улсын хэмжээнд бүх нууруудаар явж хийж байгаа судалгаагаа ирэх 9 дүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт ажиллаж байгаа бөгөөд буцах замдаа буюу 8-р сарын дундуур Архангайн Тэрхийн цагаан нууран дээр тандалт судалгаагаа хийх ажээ.  

Дэлхийн улс орнуудад тухайлбал, Азийн орнуудад өндөр хоруу чанартай шувууны томуугийн А хүрээний /H5N1/ вирусын халдвар тэжээвэр шувуудыг өвчлүүлэн улмаар А хүрээний /H7N9/ вирусын халдвар хүнд дамжин тархаж үхэл дагуулсаар байгаа. Иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ДМАЭМБ-аас дэлхийн нийтэд анхааруулж байгаа юм.

Энэ хүрээнд дээрх шувууны тандалт судалгааг хийж байгааг мэргэжлийн багийнхан хэлж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ