Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль “Оюуны наадам”-ын цомыг хоёрдахь удаагаа авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-15 18:02:39
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит 15 дахь удаагийн математикийн олимпиадын дүн гарлаа. Энэхүү “Оюуны наадам”-д  боловсролын салбарын тулгын гурван чулуу болсон багш, сурагч, эцэг эхчүүд хамтдаа оролцдогоороо онцлогтой ажээ.
Мөн бусад аймаг сумдын хүүхдүүд ч оролцох боломжтой нээлттэй олимпиад юм. Энэ жил Хөвсгөл аймгийн багш сурагчид багаараа оролцсон байна.
Математикийн олимпиадын II даваанд  аймгийн 24 сум сургууль, Хөвсгөл аймгийн шилдэг 300 гаруй сурагч оюун ухаанаараа өрсөлджээ. Анги тус бүрт эхний зургаан байрыг шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн сурагчид алтан медаль, цом, мөнгөн шагналын эзэн боллоо. Нийлбэр дүнгээр Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль хоёр дахь жилдээ тэргүүлж “Оюуны наадам”-ын шилжин явах цомын эзэн болсон байна. Харин дэд байрыг Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль багаараа авчээ. Хамгийн уран бодолт гүйцэтгэсэн бага ангийн сурагчаар Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Ч.Ширчинмаа, дунд ангийн уран бодолтын аваргаар Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Сарангуа, хамгийн өндөр оноо авсан Үнэмлэхүй аварга сурагчаар Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч М.Мөнхтөр нар тус тус шалгарлаа.
Мөн Манлай эцэг эхээр Тэс сумын Батбаяр, Нөмрөг сумын Ц.Энхболд, “Манлай бага ангийн багш”-аар Жавхлант цогцолбор сургуулийн багш Ё.Хоролсүрэн, “Манлай дунд ангийн багш”-аар Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Р.Доржзовд, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн багш С.Сарангэрэл  нар шалгарчээ.  Мөн аймгийн Засаг дарга Д.Батсайханы  хүндэтгэлийн бэлгийг Улиастай сумын 4-р сургуулийн насан туршийн боловсролын суралцагч Б.Оюунбилэг хүртсэн байна.  Тэрээр Ховд аймагт болсон баруун бүсийн “Тусгай олимп”-д цасны гуталтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль, цанын төрөлд хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах “Тусгай олимп”-д цасны гуталтай гүйлтийн төрөлд алтан медаль, цанын төрөлд тусгай байр эзэлжээ.
Мөн 2017 оны Австри улсад болсон Олон улсын өвлийн “Тусгай олимп”-д Монгол улс, Завхан аймгаа төлөөлөн оролцож Цасны гуталтай гүйлтийн 100м, 200 м-ийн төрөлд хос мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн шилдэг суралцагч юм.  Ийнхүү аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит “Оюуны наадам” энэ жил сурагчдын 9, багш нарын хоёр, эцэг эхчүүдийн нэг ангиллаар хоёр  үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийт 22 цом, 454 медаль, 63 тусгай байрын эзэд тодорлоо.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ