Аймгийн хэмжээний жимсний 25 хувийг чацаргана дангаараа хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-15 15:05:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг өнгөрсөн 4 жилд чацаргана тариалах замаар цөлжилтийг сааруулах, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах зорилгоор “Чацаргана” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж багагүй амжилт олжээ.
Тухайлбал хөтөлбөрийн нэн чухал зорилго болсон элсний нүүдлийг зогсоох ажлын үр дүнд Сүхбаатар суманд 2.2 га, Мандалд  4.5 га, Баянголд 3.1 га, Шаамарт 4.2 га-д элсний нүүдлээс хамгаалах, уул уурхайн нөхөн сэргээлт хийгдсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ аймагт жимс жимсгэний үйлдвэрлэл эрхэлдэг болсноор тогтмол 865 ажлын байр бий болсон гээд ололт их байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд Монголын чацарганы холбоо, томоохон чацаргана тариалагч аж ахуйн нэгжтэй хамтран бүс нутагт нь тохирсон, Ургамал тариалангийн хүрээлэнд туршигдаж нутагшсан, ургац ихтэй, амт чанартай “Чуйская”, “Изабелиа” зэрэг сортыг сонгон тариалжээ. “Чацаргана” хөтөлбөрийн үр дүнд 789.9 га-д чацаргана, 176.9 га-д үхрийн нүд, 15 га алим, 2.4 га-д чавга интоор, 24.1 га-д бусад жимс нийт 998.4 га-д жимс жимсгэнэ тариалж, 240 тн жимсний ургац, байгалийн жимс жимсгэнэ 950.7 тн-ыг тус тус хураан хүнсний хэрэгцээндээ нийлүүлж, аймгийн жимсний 25.2 хувийг хангадаг болсон байна.  
Төслийн явцад 10 суманд “Чацаргана болон бусад жимс жимсгэнэ тариалах, арчлах технологи”-ийн 9 удаагийн сургалт, талбайн өдөрлөг зохион байгуулж, аж ахуйн нэгж, иргэд туршлагаа солилцож мэргэжил, арга зүйн зөвөлгөөг өгч ажилласнаар суулгац үржүүлж буй аж ахуй нэгж, иргэд “Гутам” болон “ВЕВ Эл-СИ” ургалтыг идэвхжүүлэгч, органик бордоог ашиглаж 90-95 хувийн ургах чадвартай суулгац үйлдвэрлэдэг болжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хөрөнгө оруулалтын 40.0 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар, Зүүнбүрэн суманд бага оврын жүүсний үйлдвэрийг ашиглалтад оруулж, хоногт 50 кг жимсээр өтгөрүүлсэн жүүс, ундаа үйлдвэрлэж аймгийн хэрэглэгчдэд хүргэж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Цагааннуур сумын “Товхон жимс” ХХК 55000 ширхэг, Зүүнбүрэн сумын “Хаан жимс” ХХК 150000 ширхэг, Ерөө, Шаамар, Мандал сумдын иргэд 85000 ширхэг буюу нийт 290.0 мянган ширхэг чацаргана болон бусад жимс жимсгэний суулгац үржүүлж, зах зээлд нийлүүлснээр 43.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Сэлэнгэ аймаг чацаргана тариалах нийт 789.9 га талбайгаа 602 га-аар нэмэгдүүлж чадсан аж. Ингэснээр таримал жимс жимсгэнэ 240 тн, байгалийн жимс жимсгэнэ 950.7 тн-ыг хураадаг болж, улсын нийт жимсгэний 40 гаруй хувийг Сэлэнгэ аймаг ханган ажиллаж байна.  
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ