Боловсрол, эрүүл мэндийн салбарт 2 сая ам. долларын төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-27 19:32:02

АХБ-наас Японы сангийн 2 сая ам.долларын техник туслалцааны хоёр төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Дээрх төслүүдийн зорилго чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ядуурлыг  бууруулах юм. Тодруулбал Боловсролын салбарын техник туслалцааны төсөл нь 2 жил буюу 2017 оны 7 дугаар сар хүртэл, эрүүл мэндийн салбарын техник туслалцааны  төсөл нь 2016 оны 8 дугаар сар хүртэл хэрэгжих юм байна. Тус бүр нэг сая ам.долларын санхүүжилттэй эдгээр төсөл нь тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг удирдан явуулах, Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна хэмээн албаныхан хэллээ.

Японы Засгийн газраас нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банкны захиран зарцуулдаг Ядуурал Бууруулах Японы Санг 2000 онд байгуулсан.

АХБ-ны Зүүн Азийн Хот байгуулалт, нийгмийн салбарын хэлтсийн дарга Сангэй Пэнжор хэлэхдээ, “Монгол Улсад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар  дэвшил гарч байгаа ч зарим иргэнд эдгээр үйлчилгээг авахад бэрхшээлтэй хэвээр байна. Энэхүү техникийн тусламж нь чанартай үйлчилгээг хэрэгцээтэй байгаа бүх хүмүүст хүргэхэд Засгийн газарт тусална” хэмээн онцлов.

Боловсролын салбарын техник туслалцааны төслийн хүрээнд БСШУЯ, Боловсролын хүрээлэн, шинэчлэлийн баг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан аймгийн Боловсролын газар, лаборатори сургуулиудыг хамруулах юм байна. Харин эрүүл мэндийн салбарын төслийн хүрээнд гэр хороололд 10 өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлгийг барихаас гадна нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах юм.

Б.Заяа

Холбоотой мэдээ