Иргэний нийгмийн байгууллагууд МАХН-ыг дэмжиж байгаа гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-15 11:53:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасантай холбогдуулан МАХН-ын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж СЕХ-ноос гаргасан нэр дэвшигчийг бүртгэхгүй байх шийдвэр нь маш ерөнхий, тодорхойгүй, хардлага төрүүлэхүйц байсан хэмээн онцлов.

МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар мөн “Эрх баригч нам төрийн албаны сайд дарга нарт мөнгөний босго тогтоон, сонгуулийн зардлаа босгож, төрийн байгууллагад хүчээр нөлөөлж байна. Асар их мөнгөний сонгууль явуулахаар эрх баригч нам улайрч байна. Энэ бүхнийг Монголын ард түмэн болон Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөн мэдээлэлд оролцсон УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар “МАХН-ыг Эх орончдын эвсэл, иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжин ажиллаж байгаа. МАХН-аас Ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин бий. Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрээр мөн үеэр энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдлээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ