Бүрд сум "Малчдын зөвлөлгөөн"-өө зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-14 01:30:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Бүрд сумын ЗДТГ-аас аймгийн ХХААГ, “Ноос ирээдүй” ХХК-тай хамтран 5 сарын 8-ны өдөр “Малчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд тус сумын 5 багийн 170 гаруй малчин оролцож, хүнс, хөдөө аж ахйун салбарын бодлого, чиглэл, өнөөгийн байдал, цаашдын зорилт, малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх болон мал эрүүлжүүлэх ажилд малчдын үүрэг, оролцоо анхаарах асуудлуудын талаар мэдээлэл авсан юм.
Мөн Бүрд сумын Засаг дарга Г.Баярмөнх “Эко-Бүрд 2020“ үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, сумын малчдын дунд 2020 он гэхэд хөдөө аж ахуйн олон гишүүнт хоршоо байгуулан хөгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулсан бол сумын Эрүүл мэндийн төвийн дарга, сургуулийн захирал нар малчидтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олголтын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус суманд 2011 оноос хойш Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр нийт 79 төслийг дэмжиж, 388.0 сая төгрөгний санхүүжилтийг олгосон байна. Зээлийн эргэн төлөлт тааруу байгаатай холбогдуулан цаашид төслийг журмын дагуу шалгаруулах, малжуулах төсөлд олгохгүй байх, хяналтын зөвлөлийг үүрэгжүүлэх, эргэн төлөлтийн хугацаа дууссан зээлдэгч нарыг шүүхэд шилжүүлэх зэрэг асуудлаар заавар зөвлөгөө өгсөн юм.
Мөн сумын газар тариалан эрхлэгч иргэдтэй уулзан газар тариалангийн салбарын үр дүн цаашдын зорилт, тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ