Чигэстэй голын урсацын хэмжээ сүүлийн 30 жил тасралтгүй буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-12 23:07:39
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төвөөр урсах Чигэстэй голын урсацын хэмжээ сүүлийн 30 жил тасралтгүй буурч байгааг мэргэжлийнхэн мэдээллээ.
Гэхдээ зарим хур бороотой жил урсац нь нэмэгдэж нөхөгддөг хэдий ч усны хэмжээ буурч байгаа ажээ. Завхан аймгийн гадаргын усны нөөц 3.16 км.куб, газрын доорхи усны нөөц 1.14 км.куб гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км.куб байдаг байна. Чигэстэй голын тухайд гадаргын ба гүний усаараа Улиастайчуудын ундны усны хэрэгцээг хангадаг гол юм.
Гэтэл өнгөрсөн жил гэхэд тус голд машины масло асгасан тохиолдол гарч байсан. Өнөөдөр иргэдийн ундны усны эрүүл ахуйн тухай мэдлэг тийм ч хангалттай бус байсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор усны нөөцийг бохирдол хомсдлоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, тэдэнд зөв мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг мөн албаныхан дуулгав. Харин өнөөдөр Завхан аймагт "Ус" үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэд хөтөлбөрийг 2016-2021онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх ажил ч хийгдэж эхэлжээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ