“Нүүдэлчдийн соёлын наадам”-ын гол бүтээгдэхүүн эсгий урлал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-12 19:25:54
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн эмэгтэйчүүдийн эсгийгээр урласан бүтээгдэхүүнүүд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын гол бүтээгдэхүүн байна.
Ирэх долдугаар сард болох нүүдэлчдийн соёлын наадмаар Завхан аймгийн эмэгтэйчүүдийн урласан гар урлалын бүтээгдэхүүнүүд, бэлэг дурсгалын зүйлсээр үзэсгэлэн худалдаа гаргах ажээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд малын бүхий л түүхий эдээр бүтээгдэхүүн урлах бөгөөд 24 сумын 2000 орчим эмэгтэйн урласан бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн аймгийн ахмадын холбооноос аймгийн ахмадуудын бүлэг нийлж монгол уламжлалт тоглоом наадгайг малын үс ноос, ясаар урлаж монгол наадгайн утга учир, тоглох арга аргачлалыг үзүүлэх ажээ. Одоогийн байдлаар аймгийн Ахмадын хороонд 15 ахмад монгол наадгайн долоон төрлөөр тоглоом урлаад байна. Дашрамд Завхан аймаг ирэх жилүүдэд хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд хонины ноосоороо баялаг бүтээхээр аймгийнхаа 24 сумын 1600 гаруй эмэгтэйчүүдэд мэргэжлийн багшаар сургалт явуулаад байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ