О.Баасанхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-12 11:23:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн  С.Чинзориг, "Тогтоолын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг түлхүү тусгасан нь сайн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг 30 гаруй ТББ бий. Эдгээр байгууллагыг чадавхжуулах нь чухал” гэв.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “УИХ-ын гишүүд хуулиа сайн сахиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаг байх хэрэгтэй. Би гэхэд харааны бэрхшээлтэй нэг хүнийг ажилтай болгосон. Тиймээс гишүүн бүр нэг хүнийг ажилд авахыг уриалж байна. Айлд нэг хүүхэд өвчтэй төрөхөд тэр гэр бүлд ачаалал нэмэгддэг шүү” гэлээ.
 
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх тухайд санал хураалт явуулахад 83 хувийн дэмжлэг авлаа. Ингэснээр тогтоолын төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
 
Холбоотой мэдээ