Аялал жуулчлалын баазуудын эздийн уулзалт анх удаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-12 09:33:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудын эздийн уулзалтыг аймгийн ЗДТГ, БОАЖГ, “Эртний нүүдэлчдийн өлгий” аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран энэ сарын 11-ны өдөр хурлын танхимд зохион байгуулав. Энэхүү уулзалт нь анх удаагаа болж байгаа бөгөөд цаашид жил бүр уулзалдаж алдаа оноогоо ярьж, хийх ажлаа төлөвлөж байхаар тохирсон юм.
Архангай аймгийн хэмжээнд аялал жуулчлалын бааз ажиллуулдаг 27 ААН байдаг байна. Үүнээс 10 гаруй нь энэ уулзалтад оролцлоо. Уулзалтын гол зорилго нь аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон, бодлогын баримт бичгүүддээ тусгаснаас гадна цаашид тогтвортой хариуцлагатайгаар хөгжүүлэх, энэ чиглэлийн ААНБ, ТББ, иргэний оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санал бодлоо хэлж, мэдээлэл солилцоход оршиж байгаа аж.
Архангай аймаг аялал жуулчлалын мэдээллийн төвтэй болсныг бүгд сайшааж, дэмжиж байлаа. Гол нь энэ төвийн үйл ажиллагаандаа эхнээс нь аялал жуулчлалын компаниудаа оролцуулж хамтран ажиллаж, маршрут загвараа гаргаж, нэгдсэн мэдээллийн сүлжээгээ бий болгох нь чухал гэж байв. Аймгийн Засаг даргын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд бүх л боломжтой бүхнийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Энэхүү уулзалтын үр дүнд аяллын маршрутын загвар гаргах, эко гэрүүдийг стандартад нийцүүлж цэгцтэй, байгальд ээлтэй болгох, баазуудын ашиглаж байгаа ус, халуун рашаан болон хөрсний хэмжээ, нөөц даацыг тогтоолгох, аялал жуулчлалын аливаа үзэсгэлэнд бүгд тогтмол хамтран орж байх, Архангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгийг харуулж сурталчилсан нэвтрүүлэг, богино рекламыг төр, хувийн хэвшлийн хамтарсан байдлаар хийлгэх, мөн МСҮТ-ийн тогоочийн болон сан техник, оёдол, гар урлалын ангийн оюутнуудыг баазуудад цалинтай дадлагажуулж, хийж бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүнүүдийг нь худалдаалах зэрэг саналуудыг ярьж, ажил хэрэг болгохоор тогтсон юм.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ