Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлал хийхээр мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-11 17:56:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-д айлчлахаар "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо.
 
Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 12-15-ны өдөр үргэлжилнэ. Тэрбээр айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Жинпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон зарим компанийн удирдлагатай уулзалт хийх юм.

Түүнчлэн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Бээжин хотноо болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно.Энэ үеэр дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож,“Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр хуралдаанд үг хэлнэ. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм.
Б.Туул
Холбоотой мэдээ