“Тесла” компани шинэ загварын нарны зай хураагуурын захиалга авч байна

Дэлхийд | Шинжлэх ухаан
sarnai@montsame.mn
2017-05-11 14:53:36
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн "Tesla" корпораци байшингийн дээвэр дээр суурилуулдаг шинэ загварын нарны зай хураагуурын захиалгыг авч эхэлсэн тухай тус компанийн захирал Илон Маск твиттер хуудсандаа бичжээ.

Энэ шинэ бүтээлийг “Нарны дээвэр” /Solar Roof/ гэж нэрлэсэн бөгөөд уг төхөөрөмжийг энэ онд АНУ-д, дараа жилээс гадаадын орнуудад борлуулж эхэлнэ гэж И.Маск мэдэгдлээ.

Шинэ загварын нарны зай хураагуур нь тухайн байшингийн дээвэртэй адил том хэмжээтэй байх юм. Түүнийг гэрэл нэвтрүүлдэг тусгай материалаар бүрэх бөгөөд энэ материал нь бат бөхийн хувьд ган төмөртэй адил ажээ. 

“Нарны дээвэр”-ийн нэг кв.футын /0,09 кв.м/ үнэ 21,8 доллар байх бөгөөд энэ зай хураагуур нь эрчим хүчний төлбөрийг их хэмжээгээр хэмнэх юм. Зай хураагуур дотор халаагч элементүүд суулгаснаар дээр нь унасан цасыг хайлуулах аж.

“Нарны дээвэр”-ээс гадна тус компани Powerwal гэдэг зай хураагуурыг хэрэглэгчиддээ санал болгож байна. Энэ нь нарны батарейгаар цэнэглэгдэх бөгөөд тог тасарсан үед ашиглах боломжтой аж. Уг төхөөрөмжийн үнэ нь суурилуулах хураамжийн хамт 6000 гаруй доллар болох юм.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ