Хууль зүйн байнгын хороог зарлан хуралдуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-11 10:59:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Уг хуулийн төслийг өчигдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг УИХ-ын даргын зөвлөлөөс зарлан хуралдуулсан байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 оны тавдугаар сарын 29-нд УИХ-аас баталсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Төсвийн тодотгол болон ОУВС-ын хөтөлбөртэй холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 заалт хэрэгжих боломжгүй хасагдаж байгаа аж.
Тиймээс уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагч Х.Нямбаатар гишүүн танилцуулж байгаа юм.
Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн 72.7 хувь нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. Одоо уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ