Их Британи улс цэргийн зардлаа 2023 он хүртэл жил бүр нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-11 09:27:36
МОСКВА./TASS/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй удахгүй болох парламентын сонгуульд түүний нам ялсан тохиолдолд тус улсын батлан хамгаалахын төсвийг 2023 он хүртэлх хугацаанд жил тутам доод тал нь 0,5 хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. 

“6 дугаар сарын 8-ны сонгуульд ялсан тохиолдолд Их Британи улс ДНБ-нийхээ дор хаяж 2 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулах болно, тус салбарын зардлыг жил бүр нэмэгдүүлэх болно” гэж Тереза Мэй мэдэгдсэнийг Ройтерс агентлаг иш татжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Их Британи улс 2021 он хүртэлх хугацаанд батлан хамгаалах зардлаа жил бүр нэмэгдүүлнэ гэж Сангийн сайдаар ажиллаж байсан Жорж Осборн 2015 онд мэдэгдэж байсан юм. Харин Т.Мэй энэ бодлогыг 2023 он хүртэл хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

НАТО-гийн гишүүн орнууд 2014 оны 9 дүгээр сард Уэльст болсон тус эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр "2024 он хүртэлх хугацаанд цэргийн зардлаа ДНБ-нийхээ 2 хувьд хүргэж нэмэгдүүлэх" үүрэг авсан байна. Их Британи, АНУ, Эстони, Польш, Грек улс энэ зорилтод хэдийн хүрчээ. Тереза Мэй, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар цэргийн зардлаа ДНБ-ийхээ 2 хувьд хүргэхийг НАТО-гийн гишүүн орнуудад нэг бус удаа уриалж байсан билээ.

Парламентын ээлжит бус сонгууль нь Т.Мэй-гийн үзэж байгаагаар парламентад Консерватив намын байр суурийг эрс нэмэгдүүлэх ёстой ажээ. Олон нийтийн санал асуулгаар консервативчууд итгэлтэй тэргүүлж байна. 
О.Барс 

 

 

 

 

 


Холбоотой мэдээ