ТАБНУ-д болсон халдлагад өртөн Камбожийн энхийг сахиулагч амиа алджээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2017-05-10 12:31:44
ДАКАР. /VOA/. Төв Африкийн Бүгд Найрамдах улс /ТАБНУ/-ын зүүн өмнөд нутагт даваа гарагийн орой НҮБ-ын цуваа руу  үл мэдэгдэх этгээдүүд халдсаны улмаас нэг энхийг сахиулагч амиа алдаж, найман хүн шархадсан тухай НҮБ-ын “MINUSCA” ажиллагааны газар мэдэгдлээ.

Мэдэгдэлд дурдсанаар, нийслэл Бангуй хотоос зүүн зүгт 730 км-ийн зайд орших Бангассоу хотын ойролцоо явж байсан цуваа руу халдсаны улмаас 4 энхийг сахиулагч сураггүй алга болсон байна.  

“MINUSCA”-гийн мэдэгдсэнээр, амиа алдсан энхийг сахиулагч нь Камбож улсын цэргийн албан хаагч байсан бөгөөд шархадсан болон сураггүй болсон цэргүүд нь Камбож болон Марокка улсын иргэд байжээ. 

Шархадсан цэргүүдийг Бангуй хот руу онгоцоор хүргэсэн бөгөөд НҮБ-ын нисдэг тэргийг халдлага гарсан газар руу илгээж, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.     

Зэвсэгт бүлэглэлүүд хүмүүнлэгийн ажилтнууд руу халдсаны улмаас өнгөрсөн долоо хоногт ТАБНУ-ын хойд нутагт ажиллаж байсан олон улсын тусламжийн таван байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсны дараа дээрх халдлага гарлаа.   

2017 оны эхний улиралд  хүмүүнлэгийн ажилтнууд руу халдсан хэрэг 33 удаа гарсан байна. ТАБНУ бол тусламжийн байгууллагуудад хамгийн халтай улсуудын нэг гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн ажиллагааг зохицуулах газар /ОСНА/  өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байжээ.
 
Мусульман шашинтнуудын "Селека" бүлэглэлийнхэн төрийн эрхийг авсан 2013 оноос хойш тус улсад шашин хоорондын мөргөлдөөн газар авсан байна. 2016 оны 3 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Фостен Аршанж Туадера-д захирагдахгүй байгаа Селека болон бусад бүлэглэлүүд хуваагдан тэмцэлдэх болсноор хүчирхийлэл улам гаарчээ. НҮБ-ын 13 мянган энхийг сахиулагч тус улсад байрлаж байгаа хэдий ч олон арван зэвсэгт бүлэглэлүүдээс хамгаалж чадахгүй байна гэж нутгийн иргэд гомдоллож байгаа юм.

ОСНА-ын мэдээлэлд дурдсанаар, зэвсэгт мөргөлдөөний улмаас 425 мянга хүн улс орныхоо дотоодод шилжин суурьшсан бол 465 мянга гаруй хүн хөрш зэргэлдээх орнууд руу дүрвэн гарсан байна. Одоо тус улсын хүн амын бараг тал хувь нь буюу 2.2 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа ажээ.

Х.Сарнай 
 
 
Холбоотой мэдээ