Африк тивийн сонгино Завхан аймагт ургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-09 18:36:13
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт хагас зууны турш уншигч олноо шинэ сэргэг мэдээллээр хангаж оюуны нь талх болж байсан “Туяа” сонины цайр зурагчин, гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан Б.Дашзэвэг гуай зүгээр сууж чаддаггүй хүн. Тэрээр хүнсний ногоо тариалж арвин ургац хурааж өгөөж хишгийг хүртсээр нэлээд жил болж байна. Түүний тариалдаг “Тагар” нэртэй таримал сонгины талаарх сонин баримтыг хүргэж байна.
Африк тивийн энэ сонгино Ази тивд ирж, Завхан хангайн хөрсөнд нутагшин ургасан нь сонин санагдаж түүнээс энэ тухай сонирхлоо. Дашзэвэг гуай хэлэхдээ анх Сэлэнгийн Зүүн хараагаас Тагар сонгины жаахан үр олж авсан юм. Түүнээс хойш Африк тивийн зүүн эргээс гаралтай, энэ сайхан амттай сонгиныг тарьж хэрэглэж байгаа хэмээв. Энэ сонгино намартаа хадгалж хэрэглэж болох багавтар хэмжээний булцуутай эрт болцтой, хадгалалт тээвэрлэлт сайн даадаг таримал юм байна. Тагар сонгины нэг булцуу нь 40-50 г, цөөн тохиолдолд 80-100 г ч хүрдэг гэнэ. Үржил шимтэй хөрсөнд байцаа, манжин, төмс, вандуйтай цуг тарьж болдог ба үрээр нь тарихаас гадна 2.0-2.5 см хэмжээний төлөөр нь бас ургуулдаг ажээ. Тагар сонгино нь үнэр амт чанарын хувьд зэрлэг, таримал сонгинотой ижил боловч их хэмжээгээр салаалж олон үүр үүсгэх онцлогтой. Олон салаа булцуу нь хэрэгцээний хэмжээгээрээ сармис шиг авч хэрэглэж болдог гэж тариаланч өвөө маань хэллээ.
Завхан аймагт устаж үгүй болж байсан улаан хальстай сармисыг үржүүлж ургуулан брэнд бүтээгдэхүүн болгон алдар хүнд хүлээсэн Р.Омоонцоо шиг “Тагар сонгино” нутагшуулан брэнд болгохыг хэн байг гэх вэ. Байгалийн зэрлэг сонгиноо үрээ хаяхаас нь өмнө өрсөн түүж сонгиногүй болж байгаа манай аймагт Тагар сонгиныг хүн бүр таривал ашиг өгөөж унацтай, ургац арвин таримал шиг санагдаж байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ