ӨВӨРХАНГАЙ: Он гарсаар залилангийн 113 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-24 08:01:54

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн болон Арвайхээр сумын ГХУСАЗСЗ, хууль хяналтын байгууллагууд хамтран “Сонголт таны гарт” хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.


Аймгийн хэмжээнд цахим залилангийн гэмт хэрэг, зөрчил ихсэж, хохирогчдын тоо нэмэгдсээр байна. 2025 оны эхний 8 сарын байдлаар Цагдаагийн газарт залилангийн 113 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 60 хэргээр өссөн үзүүлэлттэй байна.


Иймд төрийн албан хаагч, иргэдийн дунд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх “Сонголт таны гарт” хоёр сарын аяныг өрнүүлж, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тус аянд нэгдэн нөлөөллийн ажил зохион байгуулахыг уриалж байгаа юм.


“Малчид маань малаа өвс ургамал биш, дата сүлжээ дагаж мориор биш машинаар хариулдаг болсон. Ингэхдээ машин дотроо фэйс руу орж, аль сонирхолтой гэсэн болгон руу орж байгаад цахим залилангийн хохирогч болох эрсдэлээ нэмэгдүүлж байна” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав энэ үеэр хэллээ.


Залилангийн гэмт хэргийн дээрх 113 тохиолдлоос 68 хувь нь ашиг олох, шунахайн сэдлээр хуурч мэхлэх аргаар үйлдэгдсэн байна. Хохирогчдын 69 нь фэйсбүүкээр, 23 нь телеграммаар, 11 нь цахим хаягаа хакердуулж, 10 нь зээл нэрээр залиланд өртөн мөнгө санхүүгийн хохирол амсжээ.


 

Холбоотой мэдээ