НАТО: Агаарын орон зайг хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-24 10:48:08

БРЮССЕЛЬ. 2025 оны есдүгээр сарын 24 /DW/. НАТО-гийн орнуудыг хамгаалах, бүх чиглэлээс ирж болзошгүй аюул заналыг тогтоон барихын тулд олон улсын хууль тогтоомжийн хүрээнд цэргийн болон цэргийн бус бүх арга хэрэгслийг ашиглана гэж Умард Атлантын зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. НАТО-гийн  улс төрийн шийдвэр гаргах гол байгууллага болох тус зөвлөл мягмар гарагт хуралдсан байна. 


Сүүлийн үед Оросын нисэх онгоцууд ба дронууд НАТО-гийн гишүүн улсуудын агаарын орон зайг зөрчсөн үйл явдлын дараа Умард Атлантын зөвлөл хуралджээ. "Эвслийн нутаг дэвсгэрт учирч болзошгүй аюул заналаас сэргийлэхийн тулд Оросын нисгэгчгүй онгоц төдийгүй нисэх онгоцыг устгах боломжтой" гэдгийг баримт бичигт дахин онцолсон байна. 


Оросын халдлагын эсрэг НАТО “хүчтэй” хариу арга хэмжээ авна гэж Европ дахь НАТО-гийн Нэгдсэн зэвсэгт хүчний командлагч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэслэгч генерал Алексус Гринкевич мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, холбоотон орнууд “Оросын эдгээр болон бусад үйлдлийн улмаас Украиныг дэмжих үүрэг амлалтаасаа буцахгүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ. 


Сүүлийн үед Оросын нисэх онгоцууд НАТО-гийн агаарын орон зайд халдан орсон нь "Орос улам бүр хариуцлагагүй болж буйн илрэл" гэж эвслийнхэн мэдэгдээд, ийм үйлдлээ зогсоохыг Москвад уриалжээ. Ийм үйлдлүүд нь "нөхцөл байдлыг улам даамжруулж, хүний амь насыг эрсдэлд оруулж байна" гэж зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байна. 


Умард Атлантын зөвлөлийг Эстонийн эрх баригчдын санаачилгаар эвслийн гэрээний 4 дүгээр заалтын дагуу хуралдуулсан байна. Оросын гурван сөнөөгч онгоц Эстонийн агаарын орон зайг зөрчсөн тухай тус улсын эрх баригчид есдүгээр сарын 19-нд мэдэгджээ. НАТО-гийн агаарын орон зайг Орос зөрчсөн явдлыг хэлэлцэх зорилгоор Умард Атлантын зөвлөл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа хуралдсан байна. Өмнө нь Оросын 19 нисгэгчгүй онгоц Польшийн агаарын орон зайд нэвтэрсний дараа Польшийн хүсэлтээр зөвлөлийг хуралдуулсан бөгөөд эвсэл “Eastern Sentry” нэртэй хамгаалалтын шинэ ажиллагааг эхлүүлсэн юм. 



Холбоотой мэдээ