М.Флиннийг өндөр албан тушаалд томилж болохгүй гэж Б.Обама анхааруулж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-09 10:02:45
ВАШИНГТОН./VOA/. Майкл Флиннийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилж болохгүй гэж ерөнхийлөгчөөр сонгогдсоных нь дараа Дональд Трампт хандан Б.Обама анхааруулж байсныг Цагаан ордон нотлон мэдэгдлээ.

Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанд ажиллаж байсан албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулиас 48 цагийн дараа Цагаан ордны Зууван танхимд 90 минутын турш уулзан ярилцах үеэрээ Б.Обама Д.Трампт ингэж анхааруулж байжээ.

Нэгдүгээр сарын 20-нд болсон Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө М.Флинн Оросын Элчин сайд Сергей Кисляктай утсаар холбогдон Оросын эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээний талаар ярьсан байна. Үүнтэй холбоотойгоор "дипломат маргааны асуудлаар гадаад улс орнуудын төлөөлөгчидтэй АНУ-ын иргэн холбогдож, яриа хэлэлцээ хийхийг хориглох тухай хуулийг зөрчсөн" гэх үндэслэлээр М.Флиннийг огцруулсан билээ.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ “генерал М.Флиннийг төдийлөн таашаадаггүй гэдгээ Б.Обама хэлсэн нь нууц биш” гэжээ.

Б.Обамагийн засаг захиргаа удирдах чадваргүй, ааш зан тогтворгүй гэж үзээд 2014 онд М.Флиниийг Батлан хамгаалах яамны тагнуулын агентлагийн тэргүүний албан тушаалаас огцруулж байжээ.

Тиймээс өндөр албан тушаал хашихад М.Флинн тохирохгүй гэж Ерөнхийлөгч Б.Обама үзэж байжээ.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ