Японы тансаг зэрэглэлийн вагонаар үйлчлүүлэхэд 10 мянган доллар төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-04 14:10:38
ТОКИО. /Reuters/. Японы төмөр замын нэгэн компани чинээлэг жуулчдад зориулан хар модоор хийсэн дотоод засалтай, угаалгын өрөөтэй, тэнгэр харан явах боломж олгодог дээд зэрэглэлийн унтлагын галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлжээ.  

"East Japan Railway" компанийн мэдээлснээр, 10 вагоноос бүрдэх “Train Suite Shiki-shima” галт тэрэгний Токиогоос Хоккайдо хүрэх аяллын тийзний үнэ нь нэг хүний 10 мянган ам.доллар гэнэ.
 
Даваа гарагт 33 зорчигчтойгоор Токиогоос хөдөлсөн галт тэрэгний онцлог нь эргэн тойрноо харах боломж олгодог шилэн тааз, хана бүхий хоёр зөөлөн вагоныг зорчигчдод зориулан галт тэрэгний толгой болон сүүл хэсэгт холбож өгчээ.
 
Аяллын явцад зогсох газруудын нэг нь 2011 онд газар хөдлөлт, цунамид өртөж байсан зүүн хойд нутгийн Тохокү муж юм.
 
Нээлтийн ёслолын үеэр “East Japan Railway“ компанийн Гүйцэтгэх захирал Тэцүро Томита хэлэхдээ “Гамшигт өртсөн Японы хойд нутгийг сэргээн босгох их ажилд энэхүү галт тэргээрээ бид урам зориг өгөхийг хүсч байгаа юм” гэлээ.
 
2018 оны 3 дугаар сарын хүртэлх галт тэрэгний  захиалга дуусчээ.










Япон улсад тансаг зэрэглэлийн галт тэргээр аялах гэсэн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа бөгөөд төмөр замын хэд хэдэн компани шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа аж.

"Kyushu Railway" компани өөрийн 7 одтой тансаг зэрэглэлийн галт тэргээ дөрвөн жилийн өмнө явуулж эхэлсэн бол "JR West" компани  "Twilight Express Mizukaze" галт тэргийг ирэх 6 дугаар сард явуулахаар төлөвлөж байна.
 
 
Х.Сарнай
 
Холбоотой мэдээ