Х.Бадамсүрэн: “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийлгэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 18:42:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ 2017 оны бизнес төлөвлөгөөгөө баталсан. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг нэгдүгээр улиралд давуулан биелүүлж, 135.5 тэрбум төгрөгийн татвар төлж,  86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнд зэсийн үнэ, валютын ханш зэрэг хүчин зүйлүүд тодорхой хэмжээнд нөлөөсөн гэсэн мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн өглөө.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авсантай холбоотой “Монгол зэс” корпорациас Чингэлтэй дүүргийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Шүүхээс “Эрдэнэт Үйлдвэр” -ийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилсөн болон ТУЗ-ийн гишүүдийг  чөлөөлсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн. Бид дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа хэмээн ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор дурьдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Би Эрдэнэтийн 49 хувийг төрд авахыг эсэргүүцэж байсан.  Шүүхийн шийдвэр зөв гарсан гэж харж байна. Хувийн өмчийг төр авсан нь буруу” хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Төр 51 хувийг эзэмшиж байхад улс төрчид шахаа хийсэн тухай асуудал гардаг байсан. Одоо шахааны бизнес бий юу хэмээв. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, “Би Эрдэнэтэд таван сар ажиллаж байна. Энэ хугацаанд шахааны бизнес хийсэн тохиолдол байхгүй. Цаашид ч шахааны бизнес хийлгэхгүй. Би томилогдсоны дараа манай үйлдвэрийн харъяа Технологийн сургуулийн захирлыг л өөрчилсөн. Өөр нэг ч хүн сольж холиогүй. Жолоочоо ч хэвээр ажилуулж байна" гэв.

Байнгын хороон дарга Д.Тэрбишдагва, “Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор өнөөдрийн ТУЗ хуралдах боломжгүй болж байна уу” хэмээн тодруулав. Ажлын хэсгээс “ТУЗ хуралдах боломжгүй болсон” гэсэн хариулт өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлэлцэж буй асуудлыг дуусгаж, дараагийн хуулийн төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Х.Бадамсүрэн захирал, “Би төрийн өмчит үйлдвэрт ноён нуруу болж ажиллаж байгаа. Харин сүүлийн үед санаатай гүтгэх боллоо. Үйлдвэрээс гаргаж өгсөн ажлын байрыг манай орлогч нар засч, тохижуулж өгсөн. Тансагласан зүйл үгүй. Цалин хөлсний хувьд 24 сая төгрөг авч байна гэсэн мэдээлэл гарсан. Би өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байгаа. Өнөөдөр би 3 сая төгрөгийн цалин авч байна” гэсэн талбайр хийв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ