Цэргийн эмнэлгийн байрыг 15 хоногт ашиглалтад оруулахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж барилгын явц байдалтай танилцлаа.
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн барилгаа хүлээсээр таван жилийг угтаж байна. Эмнэлгийн шинэ байрыг барих ажил 2011 оноос эхэлсэн ч, барьж гүйцэтгэж буй "Баярс констракшн" компанийн зүгээс хамааралтайгаар ийн хойшлоод байсан юм. Угтаа барилга гүйцэтгэх гэрээнд зааснаар 2013 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад өгөх байсан юм.
Өдгөө эмнэлгийн шинэ байранд дотоод засал, лифт суулгах ажлууд дутуу байгаа тухай "Баярс констракшн" компанийн Ерөнхий инженер М.Ганзориг албаныханд дуулгав. Б.Батсайхан дарга "Эмнэлгийн барилгын ажлаа дуусгаагүй байж төсвөөс мөнгө авсан. Энэ хугацаанд гурван ч удаа гэрээт хугацаагаа сунгасан ч гүйцэтгэгч компаниас шалтгаалан одоог хүртэл ашиглалтад оруулаагүй байна. Тиймээс эмнэлгийн шинэ байрыг 15 хоногийн дотор ашиглалтад өгөхийг шаардаж байна. Шинэ байр ашиглалтад ороогүйн улмаас гадаадаас авч байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг өнөөг хүртэл оруулж ирээгүй байгаа. Энэ оны арваннэгдүгээр сарын 9 гэхэд ашиглалтад оруулах ёстой” гэв.
"Баярс констракшн" компанийн удирдлагууд зүгээс ч гэсэн 15 хоногийн дотор гадаад, дотор заслаа хийж, лифтээ суулгаж амжина гэдгээ амлав.
Ч.Ариунболд