"Өвөрхангайн бахархал" төслөөр МУГЖ Д.Галсанбатыг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-29 22:16:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/ "Өвөрхангайн бахархал" зорилтот төслийн дэд төслийг "Бидний авьяас - Бидний баялаг" нэртэйгээр хэрэгжүүлэх гэж байна.
Өмнө нь Л.Аюуш баатрын амьдрал, түүхэн замналыг олон уран бүтээлээр танилцуулж байсан бол энэ удаа аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн санаачилгаар МУГЖ Д.Галсанбатын нэрэмжит үйл ажиллагааг явуулах юм. 
Гучин-Ус сумын Соёлын төвөөс МУГЖ Д.Галсанбатын нэрэмжит аймгийн “Эстрадын дуулаачдын уралдаан”-ыг 4 удаа, Хайрхандулаан сумын Соёлын төвөөс “Цэргийн дууны аймгийн уралдаан”-ыг 2 удаа амжилттай зохион байгуулаад байна. Эдгээр уралдааны  шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтыг Арвайхээр, Гучин-Ус, Нарийнтээл, Хайрхандулаан, Есөнзүйл, Баянгол, Бат-Өлзий суманд 5-р сарын 10-аас 6-р сарын 1 хүртэл зохион байгуулах аж.
Орон нутагт соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёл урлагийн үйлчилгэгэ эдийн засгийн эргэлтэнд оруулах, орон нутгийн авьяастнуудаа сурталчлах, МУГЖ Д.Галсанбатын амьдрал, уран бүтээлийг олон нийтэд танилцуулах, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа авьяас билэгтэй залуусаа сурталчлан таниулах, шинэ залуу үеийнхэндээ урам зориг өгөх гэсэн олон зорилгыг энэ төсөл агуулж байна.
МУГЖ, хөгжмийн зохиолч, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулагчийн нэг Д.Галсанбат нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул юм. Тэрээр “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Аз жаргалын дуу”, “Тэмээн жингийн цуваа” гэх мэт олон сайхан дуугаараа урлагийн тайзнаа мөнхөрсөн билээ.  
Б.Батчимэг
Холбоотой мэдээ