Д.Баяртогтох: Нэг тэрбум 60 сая төгрөгийн өртөгөөр Ахмадын өргөө барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-29 21:39:21
Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2017 оныг "Ахмадаа дэмжих жил" болгон зарласны дагуу аймгийн ЗДТГ-аас төлөвлөгөө батлан тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд байна. Энэ талаарх мэдээллийг аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтохоос авлаа.
- Өвөрхангай аймагт ахмад настай хичнээн хүн байна, тэдний амьжиргааны боломж хэр байна вэ?
- Өвөрхангай аймаг 10 мянга гаруй ахмадтай, үүнээс 2600 гаруй ахмад нь Арвайхээрт оршин суудаг. Ахмадууд тэтгэвэрийнхээ орлогоор л амьдарч байна. Тийм учраас амьдрал сайн биш. Яахав, боломжийн амьдралтай хэд байхад нийт ахмадын 70 хувь нь тэтгэврийн мөнгөө жилээс дээш хугацаагаар зээлээр авчихсан байна. 
- “Ахмадыг дэмжих жил”-ээр ахмадуудад зориулсан багагүй ажил хийгдэнэ.  Одоогоор хийгдэж байгаа ажил гэвэл?
- Нэг тэрбум, 60 сая төгрөгийн өртөгөөр Ахмадын өргөө барина. Барилгын зураг төсөв бэлэн болсон. Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Энэ барилга хоёр давхар байх юм. Дээд давхарт соёл, хүмүүжлийн арга хэмжээ явагддаг том танхимтай,  нэгдүгээр давхарт нь аймаг, сумын Ахмадын хороо, чийрэгжүүлэлтийн танхим, ахмадуудын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх өрөөнүүд байрлана. Барилгын урт нь 27 метр, өргөн 15 метр, нийтдээ 800 гаруй метр квадрат байна. Барилгын ажлыг энэ ондоо багтааж хийх ба аймаг , орон нутгийн удирдлагууд Олон улсын Ахмадын өдөр буюу 10 сарын 1-ний өдөр ашиглалтанд оруулсан байх төлөвлөгөөтэй байгаа. 
Мөн аймгийн нийт ахмадуудын дунд урлаг, спортын их наадмыг 3 үе шаттай зохион байгуулна. Анхан шатны наадам  сумандаа ид явагдаж байна. 5 сарын 15-25 хооронд бүсийн хэмжээнд зохион байгуулна. Хархорин, Арвайхээр сум ахмадууд олонтой учраас бие даасан нэг бүс болно. Бусад сумдыг 4 бүсэд хуваагдаж байгаа. 9 сарын сүүлээр гуравдугаар шатны шалгаруулалт болж гала тоглолт хийн эцсийн дүнг гаргана.
Ажил үйлсээрээ шилдэг тэргүүний, бүтээлч ахмадуудыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх, хөрөг нэвтрүүлэг хийхээр ажилллаж байна. 
Нэн ядуу амьдралтай ахмадуудад тусалж дэмжих аян өрнөх ёстой. Орон нутагт “Нэг өрх-нэг ажлын байр” аяны хүрээнд эхнээсээ хэрэгжиж эхлэдэ байна. Нэн ядуу ахмад настнуудын судалгаа гаргаж байгаа. Тэднийг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцуулж өгөөд боломжоороо тусалж дэмжихийг уриалсан. Энэ арга хэмжээнд хувийн хэвшил, ард иргэд ч идэвхтэй оролцож байна. Саяхан дөрвөн үсчин нийлээд баг бүрээс нэг эмэгтэйд сайхан үйлчилгээ үзүүлж нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. ХДТ-аас Арвайхээр сумын авъяаслаг ахмадуудад зориулж дуун цэнгүүнийг хийж байгаа бол Бадрах төвийн хэдэн залуучууд нийлээд цэнгээнт бүжгийн цогц клубыг нээж байна. 
Тэнд ахмадууд биш бүх насныхан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой юм билээ. Бүжиг бол зан харицлаа соёлыг төлөвшүүлэх, ядаргаа стресс тайлах гээд их чухал юм. Энд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Ахмадаа дэмжих  ажилд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, сайхан сайхан зүйлүүд хийж байгаад аймгийн Ахмадын хороо баяртай байна.
- Ахмадаа дэмжих ажилд тус нэмэр болох үүднээс хандивын данс нээж, уриалга гаргасан байсан. Хүмүүс хэр оролцож байна вэ?
- Ахмадуудад хандаж таван зүйлтэй уриалга гаргасан. Нэгдүгээрт Ахмадын өргөө байгуулагдахад орон нутгийн төсвөөс их хэмжээний төсөв хөрөнгө гарч байгаа. Барилга баригдсаны дараа дотор талыг тохижуулах ажил гарна. Сандал суудал, хувин савнаас эхлээд олон зүйл хэрэгтэй болно. Үүнд ахмадууд мөнгө хуримтлуулъя гэх санаачилга гаргасны дагуу хандивын данс нээсэн. Бэлэн мөнгөөр 1 сая гаруй төгрөг, мал бусад зүйлээр 2 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн цуглаад байгаа. Хандив өг гэж ахмадуудыг шахахгүй, боломжоороо, сэтгэлээрээ ач холбогдол өгөөсэй гэж хүсч байгаа юм.
Мөн манай ахмадууд оршин суугаа газраа цэвэр цэмцгэр байлгая гэх уриалга гаргасан. Одоо урин дулаан цаг ирж байна. Хаврын салхи шуурга явагдаж байна. Хотоо цэвэр цэмцгэр байлгах, тэмдэглэлт баяруудын өмнө бүх нийтээрээ хотынхоо ариун цэвэрт анхаарч, хог новшоо цэвэрлэж байя. Энэ ажилд идэвхтэй оролцооч ээ гэж олон нийтийг уриалмаар байна. 
Угийн бичгийг эхлүүлцгээе гэж уриалгад нэгдсэн. Угийн бичгийг 9 үеэ гүйцээж бичиж чадахгүй ч өөрсдийнхөө мэдлэгийн түвшинд хөтлөх хэрэгтэй. Үүнд төрийн зүгээс ч онцгой анхаарч, хүн бүр хичээх хэрэгтэй. Угийн бичиг хөтлөх нь удам судар, генээ хадгалж хамгаалах, цус ойртолтоос сэргийлэх олон талын ач холбогдолтой юм.
Ахмадын хорооноос энэхүү уриалгыг олон талаар сурталчилсан. Самбарууд өлгөлөө, байгууллагуудад ахмадаа дээдлэх талаар хуудас тараалаа. Үүнийг хадаж зүүсэн газар их л цөөхөн байна. Ахмадын өргөө, аймгийн ЗДТГ-т л ил байна. Бусад байгууллагуудад үзэгдэхгүй л байх юм. Энэ жилийн ажил бол ганцхан Ахмадын хорооны ажил биш, иргэн, байгууллага бүр идэвх санаачилгатай ажиллаж байж сайн үр дүн гарна.
Б.Батчимэг
 

Холбоотой мэдээ