Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-29 08:53:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын нээлтийн ажиллагаа Төрийн ордонд эхэллээ.
 
УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд манай улс Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхээр тогтоод буй.
 
Эхний шатанд Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороог төлөөлөх 1570 өрхийг хамруулж, тэдгээр өрх тус бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон насанд хүрсэн нэг хүнээс санал асуулга авсан юм. Өнөөдрийн буюу хоёр дахь шатны энэхүү арга хэмжээнд тэдгээр 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 785 иргэнийг оролцуулж байна. 
 
Эдгээр иргэдэд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад заагдсан үндсэн 6 сэдвийн хүрээний 13 асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэн тодорхой мэдээлэл, ойлголттой болсны дараа санал асуулгыг явуулах юм. 
 
Тус арга хэмжээг УИХ-ын дарга М.Энхболд нээж хэлсэн үгэндээ Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага цаг үеэ дагаж үүссэн гэдгийг тэмдэглээд нийт иргэдээ төлөөлөн оролцож буй 785 иргэн та бүхний саналыг УИХ харгалзан үзэж шийдвэрээ гаргах болно гэдгээ илэрхийлэв.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын арга хэмжээ Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилнэ.
 
Б.Туул
Холбоотой мэдээ