Цагдаагийн газрын жолооч нар хаягдал материал ашиглан ажиллах орчноо сайжруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-27 16:05:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газрын жолооч нар өөрсдийн санал, санаачилгаар авто гаражийнхаа өнгө үзэмжийг сайжруулан дотор хэсгийг шохой болон будгаар өнгөлгөө хийн, шалыг цементээр цутгаж, галын булан, дотор гэрэл, цахилгаан монтажийг шинэчилсэн байна. 

Мөн алба хаагчид хөдөлмөр хамгаалах хувцас, багаж хэрэгсэл хадгалах шүүгээ, автомашинд засвар үйлчилгээ хийж мотор өргөгч, хөшүүрэг, дугуйт тавцан гэх мэт багажийг гарын доорх хаягдал материалаар хийж өөрсдийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулжээ.  

Энэхүү ажлыг Цагдаагийн газрын шуурхай албаны болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа жолооч нарыг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, албаны бэлэн байдлыг хангах, шинэ санал, санаачилгыг дэмжих зорилгоор 45 хоногийн аяны хүрээнд хийжээ.

Энэ сайн туршлагыг бусад албан газрууд ч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нөлөөллийн ажил болж байгаа гэдэг цагдаагийн албан хаагчид найдаж байгаа юм.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ