Ихтамир сумын малчид “Цахим богц”-д хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-27 09:44:40

Архангай /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх “Инноваци-Бизнес хөгжлийн төв”-өөс Малчдыг мэдлэгжүүлэх "ЦАХИМ БОГЦ" төслийн туршилтын ажлыг энэ сарын 26-ны өдрөөс Архангай аймгийн Ихтамир суманд эхлүүллээ.

Уг төсөлд Ихтамир сумын 15 хот айлын 75 өрхөд 30.0 гаруй сая төгрөгийн тусгай апплейкешн бүхий “Цахим богц” таблетыг олгосон байна. Энэхүү таблет нь малчид мал аж ахуй, бэлчээр, цаг агаар, бусад төрлийн мэдээ мэдээллийг текстэн болон видео хэлбэрээр авах боломжтой бөгөөд энэ чиглэлийн асуултыг бичиж үлдээн мэргэжлийн зөвлөгөө, хариулт авах боломж бүрдэж байгаа юм.

Төслийн туршилт эхлэхийн өмнө сумын Засаг дарга болон тамгын газрын дарга, мэргэжилтэн, бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч, багийн дарга, малчдад төслийн гол зорилго болох “Цахим богц” суулгасан АПП-ыг танилцуулсан юм.

“Цахим богц” АПП-ыг хариуцан ажиллуулах хүнд нь 21 хоногийн турш ашиглуулан, малчдад таниулах, мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах юм байна.  

Төсөл цаашид үргэлжлэх бөгөөд малчид өөрсдийн саналаараа төсөлд хамрагдах боломжтой ажээ.


Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ