Хорт хавдар дахин сэдэрдэг шалтгааныг олж тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-04-26 12:20:02
СИНГАПУР./TASS/. Хорт хавдрыг тайрч авснаас хэсэг хугацааны дараа уг өвчин дахин сэдэрдэг шалтгааныг Сингапурын хэсэг эрдэмтэд олж тогтоожээ.

“The Straits Times” сонинд бичсэнийг үзвэл, хорт хавдарт өртөн гэмтсэн эсүүдийн ялгаруулдаг устөрөгчийн хэт исэлд эрүүл эсүүд өртсөнөөр хорт хавдрын өвчлөл дахин сэдэрдэг болохыг Сингапурын Наньяны Технологийн их сургуулийн судлаачид тогтоосон байна. 

Ердийн байдалд байгаа эрүүл эсүүд нь устөрөгчийн хэт ислийг байж болох хамгийн бага хэмжээгээр ялгаруулдаг бол хорт хавдарт өртөн гэмтсэн эсүүд 5-10 дахин их хэмжээгээр ялгаруулдаг аж. Ингэж их хэмжээгээр ялгаруулсны улмаас зэргэлдээх эрүүл эсүүд гэмтдэг байна. Яг л “даалууны нөлөө”-гөөр эрүүл гэгдэж буй эсүүд устөрөгчийн хэт ислийг их хэмжээгээр ялгаруулж эхэлдэг аж. “Даалууны нөлөө” нь хорт хавдар анх байсан цэгээс 7 см-ийн зайд тархах магадлалтай гэж Сингапурын эрдэмтэд тооцоолсон байна.

Устөрөгчийн хэт исэл нь хүний бие организмд бараг саатан тогтдоггүй, алга болчихдог учраас хорт хавдар дахин сэдэрдэг шалтгааныг олж тогтооход маш түвэгтэй байжээ.

Сингапурын эрдэмтдийн энэ нээлт нь хавдрыг дахин сэдрээхгүйн тулд эд эсийг ямар хэмжээгээр тайрч авах вэ гэдгээ эмч нар илүү нарийн тодорхойлоход тус дөхөм болох юм.
 
Х.Сарнай
 
Холбоотой мэдээ