Хүний Эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-25 18:37:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт энэ сарын 25-26-ны өдрүүдэд ажиллаж байна.  
Энэ өдрүүдэд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд үүгээрээ хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, цаашлаад хүний эрх, эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээнүүдийг авч явуулах ажээ.
Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авах, шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэнэ. Тус ажлын хэсгийнхэн мөн эдгээр өдрүүдэд иргэд олон нийттэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхний ажлын гараа Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц болон аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзан харилцан ярилцсанаар эхэлсэн юм. Мөн өнөөдөр “Хүний халдашгүй дархан байх эрх”, “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвүүдээр хэлтэс, алба, агентлагуудын ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа. “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ маргааш үргэлжлэн явагдана.   
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ