Завхан аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-25 16:04:34
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг ирэх дөрвөн жилийн хөтөлбөртөө “Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилт тавьжээ.
Энэ хүрээндээ хүүхдийг хөгжлүүлэх, орчныг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байлгахад нь чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын нэг хэсэг нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагджээ. Тиймээс ч аймгийн Засаг дарга  2017 оны анхны албан даалгавраа хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргасан байна.
Цаашид хүүхэд нэг бүрийн эрхийг хангах, хамгаалах  хэрэгцээ шаардлага, шалтгаан нөхцөл цөөнгүй байгаа. Тиймээс хүүхдэд ээлтэй аймаг болох, цаашлаад хүндээ, ирээдүйдээ ээлтэй аймаг болох хөрс суурийг тавихад ирэх таван жилд хэрэгжих НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр ихээхэн үр дүнгээ өгнө гэж аймгийн удирдлагууд хэллээ.
Хөтөлбөр хэрэгжих 2017-2021 онд усан хангамжийн ариун цэвэр, хоол тэжээлийн байдлыг сайжруулах,  боловсролын чанарыг дээшлүүлэх, бага насны хүүхдийн хөгжилд анхаарч ажиллах, хүүхдийн хамгаалах, хамгаалуулах эрхийг ханган ажиллах юм байна. Хөтөлбөрийн эхний ажил орон нутаг дахь нөхцөл байдалтай танилцах, судалгаа хийж хэрхэн яаж хамтран ажиллах асуудлуудлаар НҮБ-ын хүүхдийн сангаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон зорилтот салбарын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа. Мөн үеэр санхүүгийн сургалт, хамтран ажиллах байгууллагуудын санхүүгийн чадавхийн үнэлгээг хийж аймгийн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дашрамд НҮБ-ын Хүүхдийн сан нь 192 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг таван аймаг, хоёр дүүрэгт хэрэгжүүлдэг ажээ. Завхан аймагт тус хөтөлбөрийн хүрээнд зорилтот салбар бүрт ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна хувийн хэвшил, их дээд сургуулиуд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.


Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ