Геноцидийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол Ереванд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-04-24 19:23:33
ЕРЕВАН./TASS/. Армен улсын Ерөнхийлөгч Серж Саргсян болон тус улсын бусад удирдагчид Османы эзэнт гүрний үед үйлдсэн армянчуудыг үй олноор нь хоморголон устгах ажиллагааны /геноцид/ золиос болж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцлоо. Ёслолын ажиллагаа Ереван хот дахь Цицернакаберд гэдэг толгод дээр болж, Армений удирдагчид амиа алдсан 1 сая 500 мянган хүний дурсгалд зориулан босгосон хөшөөнд цэцэг өргөжээ.

“Нүүлгэн шилжүүлнэ гэдэг нэрийдлээр армянчуудыг хоморголон устгасан явдал бол Османы эзэнт гүрний төрийн хөтөлбөр байсан бөгөөд урьд өмнө үзэгдээгүй аймшигтай хэрцгий аргаар үүнийг үйлдсэн. Олон мянган жилийн түүхтэй Армен улсын түүхийг 1915 оны 4 дүгээр сарын 24-нөөс хойших ба дараах гэж хуваахад хүрсэн билээ. Материаллаг, соёлын, улстөрийн хохирлыг үнэлэн тооцохын аргагүй бөгөөд хамгийн том гарз хохирол бол эртний баялаг, өвөрмөц соёл иргэншлийг тээгчид болсон хүмүүс юм” гэж Армений Ерөнхийлөгч хэллээ.  

“Геноцидийг даван гарсан үе үеийн хүмүүсийн ачаар армян үндэстэн дахин сэргэсэн нь бодит үнэн билээ. Эх нутагтаа Армений төрт ёсыг сэргээсэн нь энэ хүмүүсийн ач гавьяа юм” гэж Ерөнхийлөгч онцлоод “1915 онд бид там дотор байсан, гэхдээ бид их үйл хэргийг бүтээх хүчийг олж авч чадсан бөгөөд 21 дүгээр зуунд тусгаар төрт улстай байгаа учраас илүү ихийг бүтээж чадна” гэж уриалжээ.  

Ням гарагийн орой Армений "Дашнакцутюн" гэдэг үндэсний үзэлтнүүдийн зүүний нам болон эрх баригч Бүгд Найрамдах намын залуучуудын жигүүрийн идэвхтэн гишүүд Ереван хотын төв гудамжаар жагсан явж, геноцидийн золиос болсон хүмүүст зориулсан дурсгалын цогцолборт очин хүндэтгэл үзүүлсэн байна.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ