Жакарта хотын даргын сонгуульд лалын шашинт хүн ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-20 13:45:31
ЖАКАРТА. /Kyodo/. Арьсны өнгө болон шашнаар ялгаварлан гадуурхах үзэл гаарсаар байгаа энэ үед болсон Индонезийн нийслэл Жакарта хотын захирагчийн сонгуульд лалын шашинт хүн ялсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Индонез бол лалын шашинт хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг улс юм.

Лхагва гарагт болсон дахин сонгуульд цөөнх болох христийн шашинт Басуки Тяххажа Пурнама /тус хотын одоогийн захирагч/ Боловсрол, соёлын сайд асан, лалын шашинт Ани Рашид Басведан-д ялагджээ. Хоёрдугаар сард болсон сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч ялалт байгуулахад хангалттай хэмжээний буюу 50-аас дээш хувийн санал авч чадаагүй учир дахин сонгууль явуулсан байна.

Саналын хуудсуудыг тоолсоор байгаа бөгөөд тус улсын СЕХ албан ёсны дүнг ирэх сарын эхээр зарлах бололтой.

Индонезийн хүн амын 90 орчим хувь нь лалын шашинтнууд юм. Гэхдээ лалын шашин нь тус улсын төрийн шашин биш бөгөөд шашин шүтэгчид бүгд тэгш эрхтэй байдаг.

Лалын шашинтан бус хэнийг ч хотын даргаар сонгож болохгүй гэж лалын шашны хатуу чиг шугамыг баримтлагчид ард иргэдэд уриалж, нэг бус удаа жагсаал цуглаан зохион байгуулж байсан юм.

Г.Доржханд

 


Холбоотой мэдээ