Өүлэн эх, Бөртэ-Үжин хатны уугуул нутаг нь Дорнод аймаг гэж санал нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-19 15:43:07
Дорнод /МОНЦАМЭ/. Эзэн Чингис хааны ээж Өүлэн эх, хатан Бөртэгийн уугуул нутаг нь одоогийн Дорнод аймаг мөн гэдгийг давтан судалгаагаар баталж нотолсон хэмээн саяхан Дорнод аймагт болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр танилцууллаа.
“Дорнод аймгийн аялал жуулчлал-инноваци” сэдэвт уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр профессор О.Сүхбаатар тавьсан илтгэлдээ “Өүлэн эх, Бөртэ хатны уугуул нутаг нь Дорнод аймаг мөн” гэсэн сэдвийн хүрээнд хэд хэдэн удаагийн судалгаа хийснээ онцолсон байна. Эрдэм шинжилгээний хурлын дараа эрдэмтэн судлаачид түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн газар нутгаар аялж, холбогдох илтгэлүүдийн мэдээллийг нягталж, дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.
Их хатадын нутаг Хонгирад, Олхонууд аймагт одоогийн Дорнодын Сэргэлэн, Цагаан-Овоо сумын нутаг хамрагддаг байна.
Профессор О.Сүхбаатар, Социалист нийгмийн үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн даалгавраар Монголын нууц товчооны газар усны нэрийг 1968 оноос судалж эхэлсэн. 1971 онд Бөртэ хатны эцэг Дай сэцэний нутаглаж байсан Олхонууд аймаг, Чингис хааны эцэг Есүхэй баатар Татаруудад хорлогдсон газар, Бөртэ-Үжин, Өүлэн эхийн төрхөм нутгийг өөрийн биеэр явж судлан анх удаа дээрх гаргалгааг дэвшүүлэн тавьж байсан хэмээн дурсан ярьсан юм.
Ийнхүү 26 жилийн дараа Олон улсын эрдэмтэд дээрх судалгааны дүгнэлтийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө.   
“Дорнод аймгийн аялал жуулчлал-инноваци” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд 30 гаруй илтгэл хэлэлцэгдсэн юм. Доктор Ө.Амгалан, МУБИС-ийн багш Х.Цогбадрал гээд манай улсын томоохон эрдэмтэд, БНХАУ-ын 6 монголч эрдэмтэн биеэр ирж оролцсон байна. Харин хойд хөршөөс 8 судлаач илтгэлээ ирүүлжээ.   
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ