Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан тусгай усыг худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-04-19 09:34:05
СИНГАПУР./TASS/. Сингапурын цэвэр ус үйлдвэрлэгч нэгэн компани чихрийн шижингээр өвчилж буй хүмүүс болон ийм өвчин тусах эрсдэлтэй байгаа хүмүүст зориулсан тусгай усыг зах зээлд гаргах гэж байна. 
The Straits Times сонинд бичсэнээр, клиникийн эхний туршилтууд энэ сарын сүүлчээр дуусах аж. 

Компанийн төлөөлөгч Лим Суат Вах ярихдаа “ихэнх хүмүүс усыг амны цангааг тайлах хэрэгсэл гэж үздэг бол бид энэ төсөөллийг өөрчлөх зорилт тавьсан” гэлээ. Түүний ярьснаар, хүчилтөрөгчөөр сайтар баяжуулсан усыг тус компани зах зээлд гаргах гэж байгаа аж.  Энэ усан дотор баяжуулсан хүчилтөрөгчийн молекулууд бүтэн жилийн турш агуулагдах юм. Туршилтаас үзэхэд, ийм хүчилтөрөгч нь хүний биед амархан шингэж байгаа аж. Ер нь бол, хүчилтөрөгчийн дутагдал нь чихрийн шижин үүсэх шалтгаануудын нэг билээ.

Голланд улсад явуулсан судалгааны дүнг үзвэл, чихрийн шижинтэй хүмүүсийн эсэд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ эрүүл хүмүүстэй харьцуулахад 50 хувиар бага байжээ.  

Чихрийн шижин өвчний өмнөх шатанд байгаа хүмүүсийг клиник туршилтад оруулж, тэдний тал хувьд нь хүчилтөрөгчийн агууламж ихтэй ус өгөх бол бусдад нь ердийн ус өгөх аж. Үүний дараа лабораторийн шинжилгээ хийж, энэ хоёр бүлгийн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ хэрхэн буурсныг тодорхойлох юм.

Х.Сарнай  
Холбоотой мэдээ