Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-18 16:44:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 6 дугаар сард болно.

Тус сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх сарын 2-6-ны хооронд болох юм. Сонгуулийн тухай хуулинд "Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх арга хэмжээ санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхэлж, 5 хоногийн өмнө дуусна" хэмээн заасан.

Мөн нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт багтаан баримт бичгээ Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх аж. Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бүртгэсэн эсэхээ шийдвэрлэсэн тогтоол гаргана.

Нэр дэвшигчийг бүртгэсэн тохиолдолд ажлын 3 өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлэх юм. Түүнчлэн нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө олгохоор хуульчилжээ.
Б.Туул
Холбоотой мэдээ