Хөдөө аж ахуйн маркетинг төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйд дэвшил гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-16 16:57:02

Завхан/МОНЦАМЭ/Завхан аймагт “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн үр шим гарч байна.

Отгон сум газар тариалан эрхэлдэггүй. Тиймээс төмс хүнсний ногоог гадны зах зээлээс худалдан авч хэрэгцээгээ хангадаг байжээ. Харин энэ төсөлд хамрагдсанаар хангайн өндөрлөг бүсэд тохирсон технологиор орон нутгийн нутагшсан сорт бүхий таримлын үртэй болж, газар тариалан эрхлэн, зах зээлд өөрсдийн байр суурийг эзэлжээ. Мөн төслийн хүрээнд Завханы сумд мал эмнэлгийн ажил үйлчилгээнд шаардлагатай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан 55 нэр төрлийн багаж хэрэгслийг хүлээн авчээ. Түүнчлэн сумдын бог малын чанар сайжирч, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо хэвийн хэмжээнд хүрсэн байна.
Сонирхуулахад Завхан аймгийн цөм сүргийн нийт малаас Сартуул үүлдрийн хонь, Завхан буурал үүлдрийн ямаа 514.2 мянган толгойд хүрч өсчээ. Энэ мэтээр ХАА-н маркетинг төсөл Завхан аймагт хэрэгжсэнээр малчид шилмэл хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагаас гэрээ, түрээсээр авч ашигладаг тогтолцоо бүрдэж, улмаар малын чанар сайжирч, малчдын орлого нэмэгдсэнээс гадна Завхан буурал омгийн ямааг үүлдэр болгож, олон улсын генийн санд бүртгүүлсэн байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ