АНУ, ОХУ харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-13 02:12:46

МОСКВА. /Reuters/. АНУ болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар Сирийн асуудлаарх санал зөрөлдөөнөө багасгаж чадсангүй. Гэхдээ тэд Хүйтэн дайнаас хойш хамгийн ихээр хурцдаад буй хоёр талын харилцааг сайжруулахаар тохиролцжээ.

Сирийн агаарын цэргийн хүчний баазад АНУ далавчит пуужингаар цохилт өгснөөс хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Реск Тиллерсон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар анх удаагаа лхагва гарагт Москва хотод хэлэлцээ хийсэн юм.

С.Лавровтай уулзсаныхаа дараа Р.Тиллерсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр цагийн турш уулзаж ярилцжээ.

АНУ пуужингаар цохилт өгснийг тэрбээр С.Лавровтай хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэрээ дурдаад “Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын засаг захиргаа химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл АНУ-д бий” гэсэн байна.

Харин С.Лавров хэлэхдээ “амаараа ярих биш бодитой нотолгоо гаргаж ирэхийг ОХУ хүсч байна” гэжээ. Химийн зэвсгийг хориглох байгууллага төвийг сахисан байр сууринаас нарийвчилсан шалгалт хийх зайлшгүй шаардлагатай гэж ОХУ үзэж байна гэж сайд С.Лавров онцлон тэмдэглэжээ.

ОХУ-тай хоёр талын харилцаа тааруу байгааг Р.Тиллерсон хэлээд “хоёр талын харилцааг сайжруулахын тулд дипломатчдын ажлын хэсэг байгуулахаар бид тохиролцсон” гэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ