Сувилагчдын өдрийг угтсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Олон улсын сувилагчдын өдрийг угтан Увс аймгийн ЭМГ-аас Эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь энэ жил “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” сэдвийн дор болсон байна. Эрдэм шинжилгээний бага хуралд аймгийн Нэгдсэн эмнэлгээс 19, сумдаас 10 судлаач сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, өөрийн хариуцсан ажилдаа нотолгоо, судалгаа хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон дүгнэж, санал, шинэ санаануудыг дэвшүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон аж.
Уралдааны нэгдүгээр байрыг “Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн сувилгааны картанд хийсэн судалгаа” сэдвээр НЭ-ийн сувилагч Г.Нэргүй эзэлсэн бол “Нэгдсэн эмнэлэгт 2012-2016 он хүртэл Түлэгдэлтийн улмаас хэвтэн эмчлүүлэгсдэд хийсэн судалгаа” сэдвээр НЭ-ийн сувилагч Б.Батжаргал, “Кесаро мэс заслын хяналтын хуудсыг үнэлсэн байдал” сэдвээр НЭ-ийн эх баригч Ц.Очир нар удаах байрыг эзэлсэн байна. Харин тусгай байрыг “Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 0-18 насны хүүхдүүдийн осол гэмтэлд өртсөн тохиолдлыг судалсан нь”, “Умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчний илрүүлэлт оношлогоо”, “Хүүхдийн эмийн хэрэглээнд хийсэн судалгаа сэдвээр НЭ-ийн сувилагч Б.Тунгалаг, НЭ-ийн лаборант Я.Золзаяа, Хяргас сумын эмийн санч Ч.Чогсоо нар эзэлжээ.
Б.Батхүү