Умард Солонгосын асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг АНУ-ын Ерөнхийлөгчид хандан уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-12 15:08:06

БЭЭЖИН. /Reuters/. Хятад улсын дарга Си Зиньпин өнөө өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ. Тэрбээр Умард Солонгосын асуудлыг “тайван зам”-аар шийдвэрлэхийг АНУ-д уриалсан байна.

Өчигдөр Д.Трамп твиттер хуудсандаа “хэрвээ Хятад туслахгүй бол Умард Солонгосын асуудлыг АНУ дангаараа шийдвэрлэхээс буцахгүй” гэж бичсэн билээ.

АНУ байлдааны нисэх онгоцуудаа Солонгосын хойгт байрлуулсны дараа тус хойгт байдал илт хурцадсан юм.

Си, Д.Трамп нар өнгөрсөн долоо хоногт Флорида муж улсад Дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Умард Солонгосын асуудлыг онцгойлон авч хэлэлцсэн билээ.

Хоёр улсын удирдагчид өнөө өглөө утсаар ярьсан гэж Хятадын эх сурвалжууд мэдээлсэн бол Цагаан ордон одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Утсаар ярих үеэр Си “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, хойгийн энх тайван ба тогтвортой байдлыг хангаж, тайван замаар асуудлыг шийдвэрлэхийн төлөө Хятад улс ажиллаж байна” гэж хэлжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ