Эртний гар бичмэлийг тайлан уншихад сансрын технологийг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-12 12:22:40

МОСКВА. /TASS/. ОХУ-ын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд эртний славян цагаан толгойн гар бичмэлийг тайлан уншихад нь Улсын түүхийн музейн ажилтнуудад туслахаар болжээ. 

Тодруулбал, тус хүрээлэнгийн эрдэмтдийн багийн боловсруулсан олон спектрт зураг авалт, мөн мэдээлэл боловсруулах өвөрмөц алгоритмын тусламжтайгаар Түүхийн музейд байгаа муутуу цаасан дээр бичигдсэн эртний славяны хосгүй нандин гар бичмэлүүдийг тайлан уншихаар төлөвлөж байгаа аж. 

Гар бичмэлийн зургийг тусгай фотоаппаратын тусламжтайгаар хэт ягаанаас хэт улаан туяа хүртэлх янз бүрийн зурваст авах юм. Энэ нь илүү эрт үеийн цаасан дээрх үеүдийг нь хожуу үеийнхээс нь ялгах боломжийг олгох төдийгүй тухайн гар бичмэл ямар нөхцөлд бичигдсэн болон бусад олон зүйлийн учрыг олоход туслах аж.

Ийм камеруудыг сансрын янз бүрийн техникт ашигладаг байна.

Эртний славяны цагаан толгойн гар бичмэлийн 7 хуудсыг 14 дугаар зууны үеийн серб гар бичмэлд шинэ агуулгатай нэмэлт оруулга болгон оруулжээ. Славяны цагаан толгойгоор бичигдсэн хамгийн эртний бичвэрийг 10-11 дүгээр зуунд Болгарт үйлдсэн байдаг аж.

Эртний славяны цагаан толгойгоор бичигдсэн гар бичмэлүүдээс өдгөө ердөө 20 хүрэхгүй ширхэг үлдсэн учраас тэдгээрийг бүрэн тайлан унших нь дэлхийн хэмжээний том үйл явдал болох юм.

О.Барс

 


 

Холбоотой мэдээ