МУЗН-аас 280 өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/ Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Өвөрхангай аймгийн зарим айл өрхүүдэд тусламж үзүүллээ. Гуравдугаар сарын сүүл үеэр орсон их цасны улмаас тодорхой хохирол амссан Гучин-Ус, Нарийнтээл, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хархорин, Бүрд, Есөнзүйл зэрэг найман сумын 280 өрх тус бүрт 245 мянган төгрөгийн тусламжийг бэлэн мөнгөөр олгож байгаа юм.
Аймгийн ИТХ-ын дарга, Улаан Загалмайн хорооны тэргүүн А.Ишдорж, Улаан загалмайн хорооны дарга Б.Энхцогт нараар ахлуулсан ажлын хэсэг дээрх өрхүүдэд өнөөдөр батламжийг нь гардуулан өглөө. Тусламжинд хамрагдсан өрхүүдийг 200-аас доош толгой малтай, амьжиргааны баталгаат түвшин доогуур буюу эмзэг бүлгийн, хөгжлийн бэлхшээлтэй, эмэгтэй хүн өрх толгойлсон зэрэг үзүүлэлтүүдээр сонгосон байна.
Тус арга хэмжээний үеэр Улаан загалмайн нийгэмлэгийн зорилго, зорилтыг болон халамж, эрүүл мэнд, гамшиг, хүүхэд залуучууд гэсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаагаа малчдад танилцуулж, сайн дураар гишүүнээр элсэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж ажиллахыг уриаллаа.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс малчдад туслах хандивын аяныг зарлаж, Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран зуданд өртсөн 12 аймгийн 3480 өрхөд 1,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа аж.
Б.Батчимэг