Мандалговийн хог хаягдал 120 орчим га талбайд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-11 22:15:13

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ онд Мандалговь хотын хог хаягдлын нэгдсэн талбайг дорвитойхон цэгцлэх ажлыг Мандалговь хотын захирагчийн алба төлөвлөж байна.  Үүнд эхний ээлжинд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 60 сая төгрөг зарцуулах ажээ.

Аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэг Мандалговь хоттой хаяа дэрлэн хүрээгээ тэлсээр байдаг. Хог хаягдлын эзлэх талбай 120 орчим га- д хүрсэн байна. Энэ бол Мандалговь хотын төвийн эзлэн оршдог газрын гурав хуваасны нэг хэсэгтэй тэнцэхүйц хэмжээ гэдгийг Хот тохижилтын газрын дарга Д. Мөнхцоож хэллээ.

 Хог хаягдал зөвхөн хотын хаяанд хөглөрч байгаа хэрэг биш, эндээс хийсэх гялгар уутнууд багаар бодоход 5 км зайд тархан малын бэлчээр, байгаль орчинд уршиг учруулж  байгаа юм.

Энэ байдлыг таслан зогсоохын тулд эхлээд хог хаягдлыг булшилж, хөрсжүүлэх бөгөөд хогийн нэгдсэн талбайг аймгийн төвөөс холтгож байршуулна. Дараа нь талын нэг таран хийсч, бут сөөг бүрт наалдаж тогтсон гялгар уутнуудыг бүх албан байгууллагын алба хаагчдын хүчээр түүж, малын бэлчээрийг цэвэрлэх ажээ.

Шинээр байршуулах хогийн цэгийн салхин доод талыг эмжин өндөр торон хашаа барих бөгөөд энэ нь гялгар уут тархан хийсэхээс хамгаалах үүрэгтэй байх юм. Мөн гялгар уутыг багцалж нягтаршуулдаг тоног төхөөрөмжийг ч гаднын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр авах боломжийг эрэлхийлж байгаа. Хэрвээ энэ хөрөнгө оруулалт бүтвэл хогийн цэг дээрх хогийг ангилан ялгаж, гялгар уутыг тархахаас урьтаж устгах нөхцөл бүрдэнэ гэж Хот тохижилтын газрын дарга хэлж байна.

Хогийн цэгийг хашаажуулахад орон нутгийн хөгжлийн сангийн 60 сая төгрөгийг зарцуулна. Харин хогийг булшилж эрүүл шороогоор тунтран хөрсжүүлэх, барилгын материалын хог хаягдлыг цэгцлэх зэргээр хогийн нэгдсэн цэгийн нөхцлийг сайжруулахад 90 гаруй сая төгрөг шаардагдаж байгаа ажээ. Энэ тухай БОАЖ- ын дэд сайдыг  Мандалговьд ажиллах үеэр танилцуулж, хогийн цэгийг сайжруулах тухай төслийг өгсөн байна.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ