Зургаан мянган ажлын байр бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-11 15:01:21

Булган /МОНЦАМЭ/.Булган аймгийн ИТХ энэ онд жилд дунджаар 1500, ирэх дөрвөн жилд 6000 ажлын байр бий болгохоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр” баталлаа.

Орон нутгийн онцлогт тохирсон хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн,  шинээр бий болгосон  ажлын байрыг тогтвортой хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн үр дүнд ажилгүйдлийн түвшинг 1,2 пунктээр буулгаж, 4,0 хувь болгох юм байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд 0,6 хувиар өссөн энэ үзүүлэлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрийн хөрөнгө саатсантай холбон тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг өргөжүүлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн нарийн мэргэжлийн мэдлэг ур чадвартай ажилтан бэлтгэх, давтан сургах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,  шинээр бий болгосон ажлын байрыг тогтвортой хадгалах, ”Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн түншлэлийн байгууллагуудын идэвх, санаачлагыг дэмжих арга хэмжээг үр өгөөжтэй хэрэгжүүлэхээр боллоо.

Баг бүрт 1,0-2,0 сая төгрөгийн “Бичил зээл”-ийн эргэлтийн санг нэмэгдүүлэх өрхийн бичил бизнесийг дэмжин зээл олгох, орлого багатай, цөөн малтай малчин өрхийг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулж жилд 30-оос доошгүй өрхийг малжуулан, малчин 185 өрхийн амьжиргааг дэмжих аж.

М.Батжаргал

Холбоотой мэдээ