Гамшгийн сургуулилтад улсын хэмжээнд анх удаа 32000 иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-11 11:46:06

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өглөөний 8 цаг 30 минутанд дуут дохиогоор Мөрөн сумын 14 багийн төлөөлөл болсон 32000 иргэн аюулгүйн талбайд цугларлаа.

Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг хориглосон учраас иргэд явганаар Мөрөн сумын 5 болон 6-р багийн ард байрлах талбайд өөрсдийн хэрэглээний зүйлсийг авч ирсэн байлаа. Монгол Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хамгийн дээд тал нь 18000 иргэн оролцож байсан бол энэ удаа 32000 иргэн цугларсан анхны тохиолдол, Хөвсгөлчүүд үнэхээр их идэвхтэй оролцож байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөрөн сум нь 14 багтай 41000 иргэд амьдардаг бөгөөд тус үйл ажиллагаанд иргэд иргэний үүргээ биелүүлэн идэвхитэй оролцож гамшиг ослын үед тайван байж хамгийн түрүүнд цугларах аюулгүй талбайгаа мэдэж авлаа.

Иргэдэд зарлан мэдээллэх хуудсыг цаасаар өгч, 6 байршилд зарлан мэдээллийн дуут дохиог өгсөн бөгөөд иргэдийн гэр орны аюулгүй байдлыг ханган цагдаагийн болон хүчний байгууллагууд харуул хамгаалалтанд үүрэг гүйцэтгэлээ.

Аюулгүйн талбайд цугларсан иргэдтэй Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга , хурандаа Б.Ууганбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар баг бүрийн иргэдтэй уулзаж мэдээлэл өгч, төрөөс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ