АНУ, ОХУ-ын сансрын нисгэгчид эх дэлхийдээ амжилттай газардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-11 11:09:42

НЬЮ-ЙОРК. /VOA/.  АНУ-ын сансрын нисгэгч болон ОХУ-ын хоёр сансрын нисгэгч бүхий хамтарсан баг олон улсын сансрын станцад зургаан сар орчим ажиллаад даваа гарагт Казахстаны нутаг дэвсгэрт газардаж буйг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/-ийн телевизээр дамжуулан үзүүлжээ.

Оросын сансрын "Союз" буух төхөөрөмж зүүн бүсийн цагаар өглөөний 4 цагийн үед сансрын станцаас салж, Казахстаны Жезказган хотод зүүн бүсийн цагаар  өглөөний 7.20 минутад газардсан байна.

Уг буух төхөөрөмжөөр Олон улсын сансрын станцын удирдагч Шэйн Кимброу болон Оросын "Роскосмос" сансрын агентлагийн сансрын нисгэгчид болох Сергей Рыжиков, Андрей Борисенко нар эх дэлхийдээ эсэн мэнд ирлээ.

Багийн гурван гишүүн дэлхийн гадаргуугаас 400 км-ийн өндөрт нисч буй 100 тэрбум долларын өртөгтэй судалгааны лаборатори буюу сансрын станцаас задгай сансарт гарч ажилласан юм.

Одоо NASA-гийн сансрын нисгэгч Пегги Уитсон станцад үлдсэн бөгөөд түүний сансарт ажилласан хоногийн тоо ирэх 4 дүгээр сарын 24-нд 534 болж, Америкийн сансрын нисгэгчдийн дотроос сансарт хамгийн удаан хугацаагаар ажилласан хүн болох юм. 

Х.Сарнай 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ