650 м-ийн голчтой бага гараг дэлхий рүү ойртож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-04-10 15:55:08

ВАШИНГТОН. /VOA/. Харьцангуй том хэмжээтэй нэгэн бага гараг /астероид/ энэ сард Нарыг тойрсон дэлхийн тойрог замтай огтлолцох ажээ.

Одон орон судлаачдын үзэж байгаагаар, ямар нэгэн мөргөлдөөн дэлбэрэлт болохгүй бөгөөд ойрын 10 жилийн хугацаанд дэлхийн тойрог замаас ийм ойрхон зайд ийм том хэмжээний солир орж ирэх тохиолдол дахин гарахгүй юм.

“2014 JO25” гэдэг энэхүү бичил гараг нь 2013 онд манай дэлхийн агаар мандалд орж ирээд ОХУ-ын Челябинск хотод дэлбэрсэн солироос  60 дахин том, 650 метрийн голчтой бөгөөд түүнийг 3 жилийн өмнө нээн илрүүлсэн байна. 2013 онд болсон уг дэлбэрэлт нь хэдэн мянган км-ийн цаана болсон хэдий ч  7000 гаруй барилга эвдэрч, 1500 хүн бэртэж гэмтжээ.

“2014 JO25” гараг 4 дүгээр сарын 19-ний өдөр манай дэлхийтэй маш ойрхон зөрж өнгөрнө. НАСА-гийн мэдэгдсэнээр, үүнээс айх зүйл огтхон ч байхгүй, гэхдээ энэ нь ийм том хэмжээтэй бичил гараг дэлхийтэй маш ойрхон зөрж өнгөрсөн анхны тохиолдол болох ажээ.

Олон улсын одон орны холбооны Бичил гараг судлалын төв “2014 JO25” гарагийг аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан юм. Одон орончдын хувьд, астериодуудыг "бичил гарагууд" гэж үздэг бол тэдгээр нь дэлхийд ойрхон өнгөрч буй тохиолдолд "дэлхий орчмын биетүүд" гэж нэрлэдэг аж. 

Х.Сарнай 

 

 

 

Холбоотой мэдээ