Тариалангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 18:32:41

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Одоо мөрдөж буй Тариалангийн тухай хуульд бусад хууль, тогтоолтой зөрчилтэй заалт олон байгаа аж. Тиймээс хуулийн төслийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчлэн найруулах шаардлага үүссэн байна. Хуулийн төслийг боловсруулахдаа тариалангийн салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүд болон УИХ-ын гишүүдийн саналыг авч тусгасан хэмээн ХХАА-н сайд Р.Бурмаа танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явж байна. Энэ үед Тариалангийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн нь чухал юм. Энэ хуулийн хүрээнд бид цөлжилттэй тэмцэх боломж бүрдэнэ. Хуультай уялдуулан Отрын бүс нутгийг хэрхэн тогтоох вэ гэдгээ маш сайн тооцоолох хэрэгтэй гэсэн санал хэлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ